Цахим итгэмжлэл

2022-11-28


Цахим итгэмжлэл авах заавар

Хилийн чанадад оршин суугаа иргэн Та өөрийн нэрийн өмнөөс тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэх бүрэн эрхийг олгох хууль ёсны баримт бичиг буюу итгэмжлэл, тухайлбал шинээр гадаад паспорт захиалах, тэтгэвэр тэтгэмж авах, өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад худалдах эрхээ шилжүүлэх, банкинд данс нээх, шүүхэд төлөөлүүлөх зэрэг нийтлэг эрхийг хэрэгжүүлэхдээ өөрөө бус, Монгол Улсад байгаа өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан эдлэх боломжтой.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн итгэмжлэл олгож буй иргэний итгэмжлэлийн маягтыг цахим хэлбэрээр хүлээн авч, хянан баталгаажуулж байна. Мөн та Консулын газарт өөрийн биеэр ирж цахим итгэмжлэлийг хийлгэж авах боломжтой.

Монгол Улсын иргэн Та итгэмжлэлийг зайнаас цахим хэлбэрээр хийлгэх тохиолдолд Монголын Нотариатчдын Танхимаас нэвтрүүлж буй Цахим нотариатын системд https://consul.notary.mn/login линкээр нэвтрэн, өөрийн нэр дээр хэрэглэгчийн эрхийг үүсгэж итгэмжлэлийн маягтаа бөглөж, Консулын газарт мэдэгдэн хянуулна. /Зааврыг доорх линкээс татаж харна уу/. 

Консулын газраар хянуулан зөвшөөрсөн QR код бүхий итгэмжлэлийг өөрийн биеэр авчирч гарын үсгээ зурж баталгаажуулах эсхүл буцах хаяг, холбоо барих дугаарын хамт баталгаат шуудангаар ирүүлнэ. 

Итгэмжлэл хийлгэхэд хавсаргах  материал:

Монгол Улсын гадаад паспорт /хүчинтэй/ эсхүл иргэний үнэмлэх /ар, өвөр/-ний хуулбар /хүчинтэй/ (хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн бичиг баримт), 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл гаргах бол хүүхдийн бичиг баримт /1-16 насны хүүхэд бол төрсний гэрчилгээ, 16-18 насны хүүхэд бол иргэний үнэмлэх /ар, өвөр/-ний хуулбар;

Үл хөдлөх, газар, тээврийн хэрэгсэлтэй холбоотой итгэмжлэл бичих тохиолдолд гэрчилгээний хуулбар;

Хүүхэд хилээр авч ирэх, авч гарах итгэмжлэл бичих тохиолдолд авч явах хүний болон хүүхдийн гадаад паспортын хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар;

Банктай холбоотой итгэмжлэл бичих тохиолдолд банкны нэр, дансны дугаар гэх мэт мэдээллийг урьдчилан бэлдсэн байх шаардлагатай.

Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хуульч, өмгөөлөгч, нотариатын болон банкны ажилтнаас зөвлөгөө авна уу.

Үйлчилгээний хураамж: 75 юань

Үйлчилгээний хураамжийг төлөхдөө: Wechat pay, Alipay зэрэг БНХАУ улсад хэрэглэгддэг QR кодоор төлнө. (Бэлэн мөнгө хүлээн авахгүй)

Цахим итгэмжлэлийг хүлээн авах:

Төлөөлөгч илгээсэн итгэмжлэлийг зөвхөн ГХЯ-ны Консулын газраас хүлээн авдаг байсныг шинэ цахим систем ашигласнаар QR код болон төлөөлүүлэгчийн регистрийн дугаараар аль өөрт ойрхон нотариатаас хүлээн авах боломжтой боллоо.