images

“МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ХИЛИЙН ГЭРЭЭ – 60 ЖИЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ

Мэдээ мэдээлэл

2022-12-14

15

Монгол Улсын өмнөд хил бүрэлдэн тогтсон түүхт 60 жилийн ой 2022 онд тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам,  Хил хамгаалах ерөнхий газар хамтран “Монгол Улс, БНХАУ-ын Хилийн гэрээ-60 жил” эрдэм шинжилгээний хурлыг 12 дугаар сарын 14-ний өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав.

Монгол, Хятадын 4709.6 километр урт хилийн хэсгийг тогтоосон “Монгол, Хятадын хилийн гэрээ”-нд хоёр улсын Засгийн газрын төлөөлөгчид 1962 онд Бээжин хотноо гарын үсэг зурж, улмаар 1963-1964 онд улсын хилийг газар дээр нь тогтоон тэмдэглэж, 1975 онд НҮБ-д албан ёсоор бүртгүүлсэн түүхтэй. Улмаар Монгол, Хятадын хилийг 1982-1984 онд анх удаа, 2001-2004 онд хоёр дахь удаагаа хамтран шалгаж, баталгаажуулсан байна.

Монгол Улсын өмнөд хил бүрэлдэн тогтсон түүхэн ач холбогдлыг тодотгох зорилгоор энэхүү хурлыг “Монгол, Хятадын хилийн гэрээний түүхэн ач холбодол, үр дүн”, “Монгол, Хятадын хилийн гэрээний хоёр улсын хамтын ажиллагаанд эзлэх байр суурь, нөлөөлөл” гэсэн хоёр агуулгаар зохион байгуулсан байна.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээг Монгол Улсын Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, БНХАУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй, Хил хамгаалах ерөнхий газрын дарга бөгөөд Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн нар мэндчилгээ дэвшүүллээ.

“Монгол Улс, БНХАУ-ын хилийн гэрээ байгуулагдсаны түүхэн ач холбогдол, үр дүн”, “Монгол, Хятадын хилийн боомтын хөгжил, худалдаа, эдийн засгийн харилцаа”, “Монгол, Хятадын хилийн гэрээний түүхэн ач холбогдол” зэрэг сэдвээр эрдэмтэн, судлаачдын танилцуулсан илтгэлийг хэлэлцсэн байна.