2022 ОН ГАРСААР УЛСЫН ХЭМЖЭЭНД НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 26.3 САЯ ТОНН БОЛЖ, 73 ХУВИАР ӨСӨВ
Он гарсаар энэ сарын 24-нийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нүүрсний экспорт 26.3 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 73 хувиар өссөн байна. Өнгөрсөн онтой харьцуулахад боомтуудын нэвтрүүлэлт сайжирч, үйл ажиллагаа жигдэрсэн нь экспорт өсөхөд нөлөөлжээ. Тухайлбал: Гашуунсухайт-Ганцмод боомтоор одоогоор өдөрт дунджаар 800 гаруй тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэж байна. Оны эхний 10 сарын байдлаар тус боомтоор БНХАУ руу 13 сая тонн нүүрс нийлүүлжээ. Экспортыг цаашид улам нэмэгдүүлэх боломжтой ч боомтын үйл ажиллагаа, нэвтрүүлэх чадвар БНХАУ-ын цар тахлын нөхцөл байдлаас ихээхэн хамаарч байгааг “SXCoal” мэдээллээ.
Харин ирэх онд Монгол Улс 36.5 сая тонн нүүрс экспортлох зорилттой байна. Хэдий тийм боловч ирэх хоёр жилд БНХАУ-д коксжих нүүрсний эрэлт буурснаар энэ зорилтод хүрэхэд олон сорилттой тулгарахыг “SXCoal”-ийн дэд Ерөнхийлөгч мэдээлэв. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбар уналттай байгаа энэ үед гангийн зах зээлд үйлдвэрлэл буурч, коксжих нүүрсний эрэлт буурах төлөвтэй байна.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд БНХАУ-ын нүүрсний төслүүдэд хийх хөрөнгө оруулалт нэмэгдсэн ч олон улсад гэхээс илүү дотооддоо нүүрс олборлолтын хүчин чадлаа нэмэгдүүлэхэд анхаарч байгаа аж. Энэ нь импортоор авах хэмжээг бууруулж, Монголын экспортод эрсдэл дагуулахыг дурджээ.
Монгол Улс БНХАУ-ын коксжих нүүрсний гол нийлүүлэгч бөгөөд дээр дурдсан хүчин зүйлс экспорт өмнөх жилүүдээс огцом буурахад нөлөөлөхгүй ч экспортыг нэмэгдүүлэхэд сорилт болохоор байгаа юм.
Мэдээллийн эх сурвалж: https://gogo.mn/r/vv3x0