images

ХЯТАДАД COVID-19-ИЙН ӨВЧЛӨЛ НЭМЭГДСЭН Ч ЦАР ТАХЛЫН ХЯНАЛТАА БАГА ЗЭРЭГ СУЛРУУЛЛАА

Мэдээ мэдээлэл

2022-11-12

136

Цар тахалтай тэмцэхдээ “тэг ковид” хатуу стратеги баримтлан ажиллаж буй Хятадын эрх баригчид зарим хяналтаа сулруулах шийдвэр гаргажээ.

Тухайлбал ойрын хавьтал болсон хүнийг засгийн газрын хяналттай тусгаарлах байранд долоо хоног хорьдог байснаа тав хоног болгон бууруулж, нэмэлтээр гэртээ гурав хоног өөрийгөө тусгаарладаг болох журамд шилжсэн байна.

Мөн хоёр дахь шатны хавьтал болсон хүмүүсийг бүртгэх, эрэн сурвалжлахаа зогсоосон нь маш олон хүнийг тусгаарлагдахаас чөлөөлсөн чухал арга хэмжээ болжээ.

Улс орныг удирдах гурав дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлээд удаагүй байгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ долоо хоногийн Пүрэв гарагт цар тахлын асуудлаар анх удаагаа шинээр томилогдсон намын төв хорооны гишүүдтэйгээ хуралдсан юм.

“Тэг ковид” стратеги Хятадын 1.4 тэрбум хүн амын дунд коронавирус тархахаас сэргийлж чадсан ч жирийн иргэдийн амьдрал, улс орны эдийн засагт том цохилт болж байгаа.

Хятадын Үндэсний Эрүүл Мэндийн Хороо хорио цээрийн журамд орсон өөрчлөлтийг “хяналтаа сулруулсан хэрэг биш, цар тахлын нөхцөл байдалд зохицох арга хэмжээ” гэж тайлбарлажээ.

Пүрэв гарагт Хятад даяар халдварын шинэ тохиолдлын тоо 10,500 гаруй бүртгэгдсэн нь энэ оны дөрөвдүгээр сараас хойших хугацааны хамгийн өндөр өсөлт болсон юм.

Дөрөвдүгээр сард Шанхай хот цар тахлын голомт болж, хот даяар хөл хорионд шилжиж байсан бол өнөөдөр өмнөд Хятадын Гуанжоу хот тахлын шинэ төв болоод байна.