images

“МОНГОЛ, ХЯТАДЫН НАЙРАМДЛЫН ДОЛОО ХОНОГ” ЭХЛЭВ

Мэдээ мэдээлэл

2022-09-27

141

Монгол, Хятадын Найрамдлын нийгэмлэгээс 2022 оны 9 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд зохион байгуулж буй “Монгол, Хятадын найрамдлын долоо хоног” арга хэмжээний нээлтийн ёслол өнөөдөр болов. Энэ арга хэмжээг нээж Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хэлсэн үгэндээ Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа цар тахлын үед ч өргөжин хөгжиж, дээд өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт ярианы давтамж хадгалагдаж, харилцан итгэлцэл бэхжиж, хоёр ард түмний найрамдалт харилцаа гүнзгийрэн хөгжиж байгааг онцлов.

Монгол, Хятадын соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа нь манай хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг тэрээр дурдаад, цар тахлын нөхцөл байдлыг харгалзан иргэд хоорондын солилцоог боломжит хэлбэрээр эхлүүлэхээр ажиллаж байгааг тэмдэглэв.

“Монгол, Хятадын найрамдлын долоо хоног”-ийн нээлтийн арга хэмжээнд  Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, Монгол, Хятадын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Г.Батсүх, Монгол Улсаас БНХАУ-д сууж байсан үе үеийн Элчин сайдууд, эрдэмтэн судлаачид, найрамдлын нийгэмлэгийн гишүүд оролцов.

Улаанбаатар, Өлгий, Ховд зэрэг хотуудад зохиогдох Найрамдлын долоон хоногийн хүрээнд гэрэл зургийн үзэсгэлэн, номын нээлт, дугуй ширээний хэлэлцүүлэг, шилдэг нийтлэлийн уралдаан зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана.