SXCOAL: БНХАУ-ЫН ТАЛ МОНГОЛЫН НҮҮРС ТЭЭВРИЙН АВТОМАШИНЫ ТООГ ӨДӨРТ 900 ХҮРГЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
БНХАУ-ын Ганцмод боомтын удирдлагууд есдүгээр сарын нэгнээс Монголоос нэвтрүүлэх нүүрс тээврийн автомашины тоог өдөрт 900 хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Наймдугаар сард Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрсний тээвэрлэлт мэдэгдэхүйц өссөн аж. Тиймээс нүүрс тээврийн 900 автомашин нэг өдөрт гаргахаар зорьж байна. Эхний ээлжид туршилтын байдлаар өдөрт хилээр нэвтрэх нүүрс тээвэрлэх автомашины тоог тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх ч хэдээр нэмэгдүүлэх нь тодорхойгүй байна.
Одоогийн байдлаар Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн 600 гаруй автомашин өдөрт гарч байгаа аж. Тухайлбал: наймдугаар сарын 29-нд 607 автомашин боомтоор нэвтэрчээ. Харин наймдугаар сарын дундаж үзүүлэлт 558 байв. Ганцмод боомтын мэдээлснээр 2022 онд Монголоос 17 сая тонн нүүрс импортлох зорилт тавиад байна.
Наймдугаар сарын 28-ны өдрийн байдлаар гүйцэтгэл 49.3 хувьтай буюу 8.38 сая тонн нүүрс Монгол Улсаас импортолжээ. Хэдий тийм боловч БНХАУ-д чингэлгийн эргэлт удаашралтай, эрэлт сул байгаа тул өдөрт 900 автомашин хилээр гаргах хүндрэлтэй гэж худалдан авагчид “SXCoal”-д мэдээлсэн байна.