images

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР ЭРЭЭН ХОТЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

Мэдээ мэдээлэл

2026-06-13

6

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд 2026 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Өвөр Монголын Өөртөө Засах Орны Эрээн хотын Намын хорооны орлогч дарга бөгөөд Ардын засгийн ордны дарга Ма Хайтао болон хотын удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд Замын-Үүд–Эрээн хотын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, чөлөөт болон эдийн засгийн тусгай бүсийн хөгжил, дэд бүтэц, ложистик, аялал жуулчлал, эрчим хүч, байгаль орчин зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс Замын-Үүдийн эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хөрөнгө оруулалтыг дэмжих, үйлдвэрлэл, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарч байгааг онцлон тэмдэглэв. Мөн хоёр улсын хооронд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний стандартын уялдаа холбоог сайжруулах, дэд бүтцийн холболтыг эрчимжүүлэх, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар байр сууриа илэрхийллээ.

Эрээн хотын удирдлагын зүгээс хил орчмын худалдаа, чөлөөт худалдааны туршилтын бүсийн хөгжлийг дэмжих, ложистик, дэд бүтцийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Талууд цаашид холбогдох байгууллагуудын түвшинд нягт хамтран ажиллаж, харилцан тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгох чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санал нэгдэв.