КОНСУЛЫН ГАЗРААС ЗАМЫН-ҮҮД СУМЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ
2026 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрын төлөөлөл Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Б.Сайнбаяр, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Үүрцайх тэргүүтэй тус сумын удирдлагуудтай уулзалт хийлээ.
Уулзалтаар иргэдийн хилийн худалдааны бүс, Монгол, Хятадын Замын-Үүд–Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт, боомтын нэвтрүүлэх хүчин чадал, дэд бүтцийн өргөтгөлийн асуудлаар мэдээлэл солилцов.
Мөн хоёр тал цаашид хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл солилцох механизмыг боловсронгуй болгох, боомтын үйл ажиллагааг хөнгөвчлөх, иргэдэд үзүүлэх консулын үйлчилгээний хүртээмж, үр нөлөөг нэмэгдүүлэх, хил орчмын бүс нутагт үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар санал солилцож, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэн ажиллахаар тохиролцов. 

