Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд БНХАУ-ын ГХЯ-нд ИЖБ-ийнхээ хувийг гардууллаа.
Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Хун Лэй-тэй уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав.
Уулзалтын үеэр Элчин сайд Н.Энхболд Монгол, Хятад хоёр улс нь уул, усаар холбогдсон найрсаг харилцаатай мөнхийн хөршүүд бөгөөд өнгөрсөн 75 жилийн хугацаанд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх зарчмын дагуу хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж ирснийг онцлон тэмдэглэв. Цаашид Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, бүхий л салбарын хамтын ажиллагааг орчин үеийн улс хоорондын харилцааны жишиг болгон урагшлуулахын төлөө ажиллахаа илэрхийлэв. БНХАУ-ын ГХЯ-ны Ёслолын газрын захирал Хун Лэй, Элчин сайд Н.Энхболдод Элчин сайдын хүндтэй албан тушаалд тохоон томилогдсонд нь баяр хүргэж, Элчин сайд болон ЭСЯ-ны цаашдын үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, хоёр улсын харилцааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа онцолсон байна.