“Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэн, яармаг” 2024 оны 8 дугаар сарын 19-нөөс 25-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Эрээн хотноо зохион байгуулагдаж байна.
2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ӨМӨЗО-ны Эрээн хотын Олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэн, яармаг” нээлтээ хийлээ. Уг арга хэмжээ нь 08 дугаар сарын 19-нөөс 25-ны өдрүүдэд зохион байгуулагдах ба энэ арга хэмжээнд манай улсын 60 гаруй бизнес эрхлэгчид, үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хүнс, арьс шир, ноос ноолуур, дээл хувцас, гар урлал зэрэг чиглэлээр оролцож байна. Энэ арга хэмжээ нь жил бүр уламжлал болгон форум хэлбэрээр зохион байгуулагддаг байсан бол энэ удаад үзэсгэлэн, яармаг хэлбэрээр зохион байгуулагдаж байна.
Үзэсгэлэн, яармагийн нээлтийн арга хэмжээнд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэд захирал Ц.Магнайбаатар оролцож, үг хэлэв. Тэрээр нээлтийн үгэндээ: Экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, уул уурхайгаас бусад чиглэлийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Хятадын хэрэглэгчид манай үндэсний үйлдвэрлэгчдийн хүнс, эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнийг ихээхэн сонирхдог боловч тус улсын хилийн хорио цээр, импортын бараанд тавигдах хяналт шалгалтын шаардлага, бүтээгдэхүүний онцлогт нийцсэн гаалийн бүрдүүлэлт хийхэд нарийн мэдээлэлгүйгээс болж импортын бүтээгдэхүүний тоо хэмжээ төдийлөн сайн биш байгааг цохон тэмдэглээд, үүнд анхаарч Хятадын гаалийн байгууллатай нягт хамтран ажиллавал хоёр талын худалдааны эргэлт тэр хэрээр сайжирна гэдгийг онцлов.