images

Эрээн хотод Жюү жицүгийн олон улсын тэмцээн анх удаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

2024-05-20

181

2024 оны 5 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Эрээн хотын спортын ордонд Жюү жицугийн олон улсын тэмцээн болов. 2023 онд Эрээн хотод Жюү жицугийн Glory дэвжээний үйл ажиллагааг эхлүүлсэн, үүсгэн байгуулагч Р.Билгүүн, захирал Т.Цэнд-Аюуш, нарийн бичгийн дарга Д.Ганчимэг нар энэхүү тэмцээнийг санаачлан, БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар хамтран зохион байгууллаа.

БНХАУ-ын Эрээн хотод зохион байгуулагдсан ОУ-ын Бүсийн зэрэглэлийн энэ тэмцээнд Монгол улс, ОХУ, БНХАУ, Бразил, Казакстан, Тажикстан, БНСУ зэрэг 7 орны орны 6-50 настай бүх насны нийт 672 тамирчид оролцсон бөгөөд Улаанбааат хотын Жюү жицугийн холбооны бүх клуб, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Баянхонгор, Булган аймгаас тамирчид ирж оролцов. Монголын Жюү жицугийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ, улс орнуудын харилцан ойлголцол, хүн ардын ойртон танилцах, бие биенээ ойлгоход улс төр, эдийн засгийн аргаас гадна урлаг спортын гүйцэтгэх үүрэг их байдгийг онцлоод, олон улсад түгэн дэлгэрч байгаа Жюү жицугийн спорт ч чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэж цохон тэмдэглэж, Эрээн хотод Монгол эзэнтэй Жюү Жицугийн дэвжээ нээн ажиллуулахаас эхлүүлээд өнөөдрийн энэхүү өндөр зэрэглэлийн олон улсын тэмцээн зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлсэн Эрээн хотод суугаа Консулын газрын хамт олонд талархсанаа илэрхийлэв.

Иргэдийг биеийн тамир спортоор хичээллэж, эрүүл мэнддээ анхаарахыг дэмжиж, залуусыг чөлөөт цагаа зөв өнгөрүүлж, эрүүл чийрэг бие бялдартай, тэсвэр хатуужилтай болон төлөвшихөд чухал үүрэгтэй хэмээн энэхүү спортыг хөгжүүлж буй тус Монгол улсын Жюү Жицугийн холбоо нь 2007 онд байгуулагдаж өнөөдрийг хүртэл 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулахдаа Монгол Улсад 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, 2023 онд Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан, жил бүр Улаанбаатар-про олон улсын тэмцээн зохион байгуулдаг болсноос гадна гадаад улсад олон улсын тэмцээн уралдаан олон зохион байгуулж, үүгээрээ дамжуулан Монгол Улс болон монгол залуус, монгол тамирчидыг сурталчилдаг олон төрлийн ажил хийдгээрээ онцлогтой.

Тэмцээний шүүгчээр Бразил,  Хятад,  Монгол улсын ОУ-н зэрэглэлийн 18 шүүгч ажиллаласан байна.

Түүнчлэн тэмцээн уралдаанд аутизм, дауны хам шинж зэрэг өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг оролцуулах ангилал бий болгосон нь тэдгээр бяцхан иргэдийг спортоор хичээллүүлж, урам зориг нэмэх, өөртөө итгэх итгэл бий болгож, нийгэмшүүлэх ач холбогдол бүхий сайн үйлс болсон ба энэ удаагийн тэмцээнд ийм тусгай ангиллын бяцхан тамирчид асран хамгаалагчдын хамт 80 гаруй хүн ирж оролцож байгаа нь анхаарал татаж байв.

Тэмцээний нээлтийг морин хуурын тоглолтоор эхлүүлж, Монгол Улсаас зорин ирсэн авьяаслаг бяцхан уран нугараачдын үзүүлбэр үзүүлсэн нь ард түмнийхээ уламжлалт өв соёлыг таниулан сурталчилсан үйл явдал болж өнгөрлөө.