images

Эрээн хотноо Монгол, Орос, Хятад гурван улсын газрын теннисний тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Мэдээ мэдээлэл

2023-09-17

152

2023 оны 9 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Эрээн хотноо Монгол, Орос, Хятадын газрын теннисний баг тамирчдын 5 дахь удаагийн тэмцээн Эрээн хотын газрын теннисний төвд болж өндөрлөв. Энэ удаагийн тэмцээнийг Эрээн хотын АЗГ-ын Соёл, аялал жуулчлалын товчоо, ӨМӨЗО-ны Газрын теннисний холбоо, Эрээн хотын Газрын теннисний холбоо хамтран зохион байгуулав. Уг тэмцээнийг нээж Эрээн хотын Намын дэд дарга Ян Жинруй үг хэлж, хотын АТИХ-ын дэд дарга Ван Жин, Хөххотын Газрын теннисний холбоо болон Шилийн гол аймгийн газрын теннисний холбооны удирдлагууд, Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консул Т.Мөнхгэрэл зэрэг албаны хүмүүс нээлтийн ажиллагаанд оролцов. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас 1, ОХУ-аас Буриадын 1, БНХАУ-ын Хөххот, Эрээн, Бугат, Шаньши Датун, Ордосын баг зэрэг Монгол, Орос, Хятадын 12 баг тамирчид тэмцээнд өрсөлдлөө.

Монгол Улсын дасгалжуулагч, тамирчид нийт 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр уг тэмцээнд оролцож, багаараа 2 дугаар байр, эмэгтэй ганцаарчилсан тоглолтод 1-р байр, эрэгтэй холимог баг 2 дугаар байр эзэлсэн амжилттай тэмцээнийг өндөрлөв. Тэмцээнд түрүүлсэн баг болон тамирчдыг мөнгөн шагналаар шагнав. Монголын баг тамирчдын шагналыг Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консул Т.Мөнхгэрэл гардуулан өгч, тамирчдад хүндэтгэл үзүүллээ.

Энэ удаагийн тэмцээн найрсаг уур амьсгалд, шударга, өрсөлдөөнтэй болж, Монгол, Орос, Хятадын ард түмний харилцан ойлголцол, найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд ач холбогдолтой болов. Дараагийн найрсаг тэмцээнийг 2023 оны 11 дүгээр сард ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн төв Шилийн хотод зохион байгуулахаар төлөвлөж буйг албаны эх сурвалж мэдээлэв.