images

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар Гэр номын сан байгууллаа.

Мэдээ мэдээлэл

2023-12-19

167

“Монгол Үндэсний үнэлэмж”, “Дэлхийн Монголчууд-II” цогц арга хэмжээний хүрээнд улс орноо гадаадад сурталчлах зорилгоор Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газарт Монгол үндэстний үнэт зүйлс, Монгол Улсын түүх, биет болон биет бус соёлын өв, уламжлалт болон орчин үеийн соёл, урлаг,оюуны бүтээлийг суугаа орондоо сурталчлах, үндэсний түүх, хэл бичиг, өв соёл, урлаг, шашин, гүн ухаан, улс орны хөгжлийг тусган харуулсан ном товхимолуудаар номын сан байгууллаа.

Тус номын санд Монгол улсын түүхийн үнэт өв Монголын нууц товчоо, Эрдэнийн эрхи, Алтан товч, Шар тууж, Асрагч нэртийн тууж болон Цаг төрийн үймээн, Говийн өндөр, Их хувь заяа зэрэг 20-р зууны Монголын сонгодог романууд, Төрийн шагналт зохиолын ботиуд, Монгол ардын үлгэрүүдээс эхлүүлээд хүүхэд залуусын танин мэдэхүйн цуврал ботиуд, Хүүхдийн дэлгэрэнгүй нэвтэрхий толь, гадаадын сонгодог зохиолууд, орчин цагийн хувь хүний хөгжил, хандлага, төлөвшилт зэрэг сэдэвтэй 300 гаруй номын фондтойгоос гадна шатар, морин хуур зэрэг үндэсний тоглоом хөгжим зэргээр баяжуулав.

Энэхүү номын санг байгуулснаар хилийн чандад амьдарч, ажиллаж байгаа Монгол Улсын иргэдийн үр хүүхдэд монгол хэлийг сурах үйлсэд нь нэмэр, эх түүхээ судлах, эх орноороо бахархах үзэл төлөвшүүлэхэд тус дэм болох зорилготой. Түүнчлэн суугаа орны эрдэмтэн судлаачид, ард иргэдэд Монгол Улсынхаа түүх, соёл, хөгжил цэцэглэлтийн талаар мэдээ мэдээлэл өгөх, монгол өв соёлыг таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт уг номын сан хувь нэмрээ оруулах юм.