images

МОНГОЛ, ХЯТАДЫН УРАН ЗУРААЧДЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Мэдээ мэдээлэл

2023-04-06

185

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яамны дэргэдэх Хятадын олон улсын уран зураг, урлаг судлалын холбоо, Нийтийн дипломат ажиллагаа ТББ-тай тус тус хамтран “Уул усаар холбогдсон бид хамтдаа дөрвөн улирлын салхинд ившээгдэнэ” сэдэвт Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн П.Цэгмид, БНХАУ-ын нэрт зураач Хуан Жяньнань нарын уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр ЭСЯ-ны дэргэдэх Монголын соёл, мэдээллийн төвд зохион байгуулав.

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яамны холбогдох албан тушаалтнууд болон соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийгэмлэг, хувийн хэвшлийн байгууллагууд, чөлөөт уран бүтээлчид, хэвлэл мэдээллийн салбарын төлөөллөөс гадна гадаадын зарим улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны дипломатууд зэрэг нийт 120 гаруй зочин урилгаар оролцлоо.

ЭСЯ-ны Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг хамтарсан үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, Монгол, Хятадын хооронд 1952 онд “Монгол, Хятадын найрамдлын 10 хоног”-ийн арга хэмжээ анх удаа зохион байгуулагдсан бөгөөд энэ хүрээнд Хятадын соёл урлагийн төлөөлөгчид Монголд айлчилснаар хоёр улсын орчин цагийн соёлын харилцааны түүхийг эхлүүлж байсан. Харин БНМАУ-ын урлагийн хэсэг 1953 онд БНХАУ-д хариу айлчлан тоглолт хийж, хятадын ард түмэнд монголын соёл урлагийг анх таниулж байсан. Энэхүү түүхэн арга хэмжээний 70 жилийн ойгоор Монгол Улсын СГЗ П.Цэгмид, Хятадын нэрт зураач Хуан Жяньнань нарын уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байгаа нь энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог юм хэмээн тэмдэглэв.  

Соёл, урлагийн арвин баялаг түүхтэй манай хоёр орны хооронд соёлын солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжтой бөгөөд энэ удаагийн арга хэмжээ нь хоёр орны уран бүтээлчдийн хамтын ажиллагаа, соёлын солилцоог эрчимжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж байгаа арга хэмжээнд оролцсон хүндэт зочид хэлсэн үгэндээ тэмдэглэсэн болно. 

Хамтарсан үзэсгэлэн 2023 оны 4 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд Монголын соёл, мэдээллийн төвд гарна.

Эх сурвалж: МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ