ЗОРЧИХ ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

2022-11-28


- БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлэхгүй байх

БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох, гарахыг зохицуулах” тухай хуулийн 78 дугаар зүйлд “Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн нэг өдөр тутам 500 юанийн мөнгөн торгууль ногдуулах” гэж заасан байна.

- БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацаанд хөдөлмөр эрхлэхгүй байх

БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох, гарахыг зохицуулах” тухай  хуулийн 80 дугаар зүйлд “Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гадаадын иргэнийг 5000-20000 юаний мөнгөн торгууль ногдуулах, ноцтой гэж үзвэл 5-15 хоногоор саатуулах” гэж заасан байна.

- БНХАУ-ын хилээр нэвтрэх үед биедээ авч явахыг зөвшөөрсөн валютын хэмжээ

БНХАУ-ын хилээр 20.000 юань буюу 5000 хүртэл ам долларыг биедээ авч орохыг зөвшөөрдөг. Хэрэв энэ журмыг зөрчсөн тохиолдолд мөнгийг хураан гарал үүслийг ажлын 5 хоногт багтаан шалгаж, мөнгөн дүнгийн 9%-тай тэнцэх хэмжээний валютаар торгоно. 

- БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ бусдаас ачаа авахгүй байх

БНХАУ-д зорчихдоо бусдын дайвар зүйлсийг /Дайвар зүйлст хар тамхи, ангийн эд зүйлс, алт, сум гэх мэт хориотой зүйл байж болзошгүй/ авахгүй байхыг онцгой анхаарах. БНХАУ-ын хилээр хориглосон, хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэх нь гэмт хэрэг бөгөөд хуулийн өндөр хариуцлага хүлээдэг.

- Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт, Хил орчмын үнэмлэхийг барьцаанд тавихгүй байх

Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт, Хил орчмын үнэмлэх нь Монгол Улсын Төрийн өмч тул иргэн Та эдгээр бичиг баримтыг ямар нэг хэлбэрээр барьцаанд тавихыг хориглодог бөгөөд энэ үйлдлийнхээ төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх болохыг анхаарах хэрэгтэй.

Хонконгод визгүй зорчих 14 хоногийн хугацааг хэтрүүлэхгүй байх

- Монгол Улсын иргэд Хонконгод 14 хоногийн хугацаанд визгүй зорчих бөгөөд визийн хугацааг хэтрүүлэхгүй байх,

- Хонконгийн хил дээр зорчигчийн овог, нэр, паспортын дугаар, хилээр нэвтэрсэн огноо, Хонконгод ямар хугацаанд зорчиж болох тухай тэмдэглэл бүхий тасалбарыг олгоно. Энэхүү тасалбарыг Та хилээр буцаж гарах хүртэл хаяж үрэгдүүлэхгүй байх үүрэгтэй.

- Харин 14 хоногоос  илүү хугацаагаар Хонконгод байх хүсэлтэй иргэд визгүй зорчих зөвшөөрөгдсөн хугацаа дуусахаас 48 цагийн өмнө Immigration Tower, 7 Gloucester Road, Wan Chai, Hong Kong хаягт байрлах Хонконгийн Шилжилт хөдөлгөөний газарт очиж, 5 дугаар давхарт байрлах лавлагааны цонхноос мэдүүлгийн хуудас авч бөглөн виз мэдүүлнэ. Визийн хугацааг 14-30 хоногоор сунгах бөгөөд төлбөр нь 160 хонконг доллар байна.

- Хонконгийн хилээр нэвтэрч буй иргэдийн гадаад паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байна.

Хонконгийн хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:

- Хонконгийн хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр хил, гаалийн албаны байцаагч нар хилээр нэвтрэх зөвшөөрлийг олгодог.

- Хилийн болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хил нэвтрэхээс өмнө бөглөх, хоёр талын аяллын тийз, зочид буудлын захиалгын баталгааг биедээ авч явахаас гадна ирсэн зорилгоо сандарч мэгдэлгүй, үнэн зөв тайлбарлах хэрэгтэй.

- Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс илүүгээр авч орох тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг. Тухайлбал, согтууруулах ундаа (архи, дарс, ликёр) 1 литр, янжуур тамхи 19 ширхэг, навчин тамхи 25 грамм, эсхүл 1 ширхэгийг хилээр авч орохыг зөвшөөрдөг. 

- Хонконгийн хувьд хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, цахилгаан бороохой, антибиотик, байгалийн тогтцоороо байгаа үнэт чулуу (боловсруулаагүй), шувуу болон амьтны гаралтай бүтээгдэхүүн, ургамал, 36-аас доош сартай хүүхдийн найруулдаг хуурай сүү (формула)-г хилээр оруулахыг хориглосон байдаг.

- 120,000-аас дээш хонконг доллар (ойролцоогоор 15000 ам.доллар) бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier's check, checks, money orders, stocks, bonds) авч яваа бол 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх шаардлагатай.