images

Ч.ХҮРЭЛБААТАР: МОНГОЛЫН НУТГААР ЯВАХ ХИЙН ХООЛОЙД НААШТАЙ ХАНДАНА ГЭДГЭЭ СИ ЖИНЬПИН ДАРГА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА ЛЭЭ

Мэдээ мэдээлэл

2022-09-16

153

Узбекистан улсын Самарканд хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар оролцож байгаа. Ч.Хүрэлбаатар сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-ын дарга Си Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай хийсэн гурван талт уулзалт болон БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй хийсэн хоёр талт уулзалтад оролцсон юм. Эдгээр уулзалтуудаар яригдсан асуудлуудаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын тодруулгыг манай тусгай сурвалжлагч А.Болдбаатар хүргэж байна.

-Гурван талт болон хоёр талт уулзалтуудаар ямар асуудлууд хөндөв. Монгол Улсын Ерөнхийлөгч ямар байр суурь илэрхийлэв. Уулзалтад оролцсон албан тушаалтны хувьд үүнийг тодруулж өгнө үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гурван талт уулзалт мөн хоёр талт уулзалтыг БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй хийлээ. Энэ уулзалт нэлээд үр дүнтэй, амжилттай боллоо. Олон жил яригдсан, олон асуудлууд дээр Монгол Улсын Ерөнхийлөгч тодорхой байр суурийг илэрхийллээ. Юуны өмнө гурван улсыг холбосон эдийн засгийн коридорын тухай яригдсан. Мэдээж үүн дээр төмөр замын асуудал яригддаг. Монгол Улсын хувьд сая гурван талын уулзалт дээр УБТЗ-ын парк шинэчлэл, төмөр замын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллая гэдгээ тохирлоо. Зүүн чиглэлийн Дорнодоор явж байгаа босоо зам байгаа. Тэр төмөр зам болон баруун чиглэлийн босоо төмөр замыг дэмжиж ажиллахаа илэрхийлж байна. БНХАУ-ын дарга бол төмөр замтай холбоотой асуудлууд дээр холбох боломжтой төмөр замуудаа холоод явъя гэдгийг илэрхийллээ. Саяын тавигдсан замууд, дээр нь хүлээгдэж байгаа Зүүнбаян, Ханги зэрэг төмөр замууд дээр байр сууриа илэрхийллээ гэж бодож байна. Дараагийн ярих ёстой асуудал бол мэдээж гурван улсын автозамын асуудал байгаа. Гурван улсыг холбосон хурдны замын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлсэн. Үүн дээр мэдээж цаашдаа нарийвчлан ярих байх. Дараагийн яригдсан зүйл нь хийн хоолой. 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ОХУ-д айлчлах үеэр ОХУ-БНХАУ-ыг холбох хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах тухай яригдаж байсан. Монгол Улсын нутаг дэвсгэрээс хийн хоолой тойрч, бүс нутгийн интеграцчиллаас Монгол Улс орхигдож байгаа мэт байдаг байсан ч энэ айлчлалын хүрээнд Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах тухай яригдаж байв. Гэсэн ч энэ талаар БНХАУ ямар байр суурь илэрхийлж байсныг би мэдэхгүй. Харин өнөөдөр миний хувьд анх удаа БНХАУ-ын тал Монголын нутаг дэвсгэрээр явах хийн хоолойд нааштай хандана, эдийн засгийн тооцооллоо хийгээд явцгаая гэдгээ өнөөдөр илэрхийлэхийг сонслоо. Бүс нутгийн хөгжлийн интеграцчилал, дээр нь Монгол Улс эдийн засгийн хувьд бэхжих боломжуудыг хангаж өгсөн олон зүйлүүдийг энэ уулзалтаар ярилцаж байна лээ. Байгаль орчны асуудал дэлхий даяар их хурцадмал байгаа. Энэ чиглэлээр хамтарч ажиллах талаар яригдлаа. Байгаль экологийн эко систем, шар шороон шуурга хятад, Солонгос, Япон руу хүртэл очдог. Эмзэг экосистемтэй улсын хувьд санаачилга гарган тэрбум мод хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгч эхлүүлсэн. Үүнийг БНХАУ-ын дарга Си Жиньпин дэмжинэ гэдэг байр суурь илэрхийлж байна лээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эгийн голын Усан цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих тухай асуудлуудаа тавьсан. Энэ чиглэлийн ажлуудыг цаашид нэлээд нарийвчлан ярих болов уу гэж би дотроо бодож байна. Олон зүйлүүд дээр энэ мэт нааштай саналууд гарсан уулзалт болсон гэж би харлаа. Эдийн засгийн коридор гэдэг бол нефть, төмөр зам, авто зам зэргийг цогцоор нь хэлж байгаа. Дээр нь энэ ойлголтод аялал жуулчлал орж ирж байна. Аялал жуулчлал гэдэг бол үл үзэгдэх экспорт. Ажлын байрыг олноор бий болгодог, иргэдийн орлогыг богино хугацаанд нэмэгдүүлдэг салбар.

Нийт экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой Гашуунсухайт боомтыг Тавантолгойн нүүрсний уурхайтай холбосон төмөр зам ашиглалтад ороод байна. Төмөр замаар жилдээ 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх тооцоо гаргаад байгаа юм. Цаашлаад Гашуунсухайтыг Ганцмодтой төмөр замаар холбох ажил үргэлжилж байна.

Түүнчлэн Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын төмөр замтай холбох ажлыг тухайн бүсэд олборлолт хийж буй компаниуд санхүүжүүлэн ажиллаж байгааг “Өсөх зоос” компанийн Ерөнхий захирал мэдээлж байв.

-Хангийн төмөр замын холбох цэг тодорхой биш байгаа. Үүнийг ярьсан болов уу?

-Ер нь бол Ерөнхийлөгч бол үг хэлэхдээ Зүүнбаян, Хангийн чиглэлийн төмөр зам, баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг онцолж хэлсэн. Хоёр талын уулзалтаар БНХАУ-ын дарга холбох боломжтой, төмөр замуудаа холбоод явцгаая аа гэж байр сууриа илэрхийлсэн. Дээр нь нэг зүйлийг онцолж хэлье. БНХАУ-тай харилцах харилцаанд шинэ зарчмын өөрчлөлт гарч ирж байна уу гэж харлаа. Энэ юу вэ гэхээр шинэ зуундаа хамтдаа төлөвлөж, хамтдаа зорьж, хамтдаа бүтээн байгуулъя гэдэг болж байна гэж харлаа. Өөрөөр хэлбэл аль нэг нь санаачилж хийдэггүй, бүх зүйлээ хамтдаа төлөвлөе, түүнийгээ хамтдаа бүтээе гэдэг саналыг дэвшүүллээ гэж.

-Эгийн голын УЦС дээр ОХУ-ын Ерөнхийлөгч гурван талт уулзалтаар ямар байр суурь илэрхийлсэн бэ?

-Хэдхэн хоногийн өмнө Алс Дорнодын уулзалт дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзах үедээ Эгийн голын УЦС-ын талаар байгаль орчны асуудлаар хоёр талаас экспертийн төвшинд ажлын хэсэг гарган маргаантай байгаа зүйлүүдийг цэглэе гэдгээ тохирсон. Саяын гурван талт уулзалтаар бол нарийвчлан яригдсангүй.