images

SXCOAL: ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТООР ӨДӨРТ ГАРАХ НҮҮРС ТЭЭВРИЙН АВТОМАШИНЫ ТОО 700 ДӨХӨВ

Мэдээ мэдээлэл

2022-09-06

153

Гашуунсухайт-Ганцмод боомтоор гарах нүүрс тээврийн автомашины тоо 700 дөхөөд байна. Есдүгээр сарын хоёрны өдөр тус боомтоор нүүрс тээврийн 694 автомашин гарчээ.

Энэ нь 2020 оны 11 дүгээр сараас хойш нэг өдөрт боомтоор хамгийн олон автомашин гарсан тохиолдол болж байна.

Наймдугаар сарын эхээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилснаас хойш нүүрсний тээвэр эрчимтэй өссөн юм. Долоодугаар сард өдөрт дунджаар 508 автомашинаар нүүрс тээвэрлэсэн бол наймдугаар сард 560 болсон байна.

Харин есдүгээр сарын эхний гурав хоногт өдөрт нүүрс тээвэрлэсэн автомашины дундаж тоо 647 болж, өсжээ. Түүнчлэн Ганцмод боомтын удирдлагууд нүүрс тээврийн автомашины тоог нэмэгдүүлж, өдөрт 900 хүргэхээр төлөвлөж байгаагаа мэдээлсэн юм.

Одоогийн байдлаар чингэлгийн эргэлтийг түргэсгэж, хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тиймээс цаашид нүүрс тээвэрлэх автомашины тоо өсөх төлөвтэй байгаа аж. Хэдий тийм боловч Ганцмод боомтод Монголын коксжих нүүрсний үнэ буураад байна. Тухайлбал: түүхий коксжих нүүрсний үнэ тонн нь 1500 юаниас буурч, 1400-1450 юанийн хооронд хэлбэлзэж байна.

Үүнээс гадна экспортын хоёр дахь гол гарц Шивээхүрэн-Сэхэ боомтод мөн нүүрсний тээвэрлэлт өсөж байна. Есдүгээр сарын гурванд 272 автомашинаар нүүрс тээвэрлэжээ.