images

SXCOAL: БНХАУ-ЫН МОНГОЛООС ИМПОРТОЛЖ БУЙ КОКСЖИХ НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ НЭМЭГДЭХ ТӨЛӨВТЭЙ

Мэдээ мэдээлэл

2022-05-25

140

Тавдугаар сарын 25-ны өдөр Шивээхүрэн-Сэхээ боомт эргэн нээгдсэнээр БНХАУ-ын Монголоос импортолж буй коксжих нүүрсний хэмжээ нэмэгдэхээр байгааг Sxcoal мэдээлсэн байна. Шивээхүрэн-Сэхээ боомтыг 2021 оны 10 дугаар сарын дундуур ковидын улмаас түр хаагаад байсан юм. Тус боомт эргэн нээгдсэнээр эхэн үедээ өдөрт 30-50 машин нүүрс, цаашид 100-120 машин нүүрс нэвтрэх төлөвтэй байгааг боомтын удирдлагууд мэдээлжээ.

Шивээхүрэн нь нэвтрэлтийн хэмжээгээрээ Гашуунсухайтын дараа орох нүүрс экспортын хоёр дахь том боомт юм. Энэ хоёр боомтоор Монголын нийт нүүрсний 90 хувь нь өмнөд хөрш рүү гардаг байна.

Мөн 5 дугаар сарын 13-наас хойш Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт 350-аас дээш тооны машин нүүрс нэвтэрч байгаа юм байна. Өөрөөр хэлбэл Монголоос гарч буй нүүрсний хэмжээ өмнөх саруудаас өсөж буй бөгөөд 5 дугаар сард нүүрсний экспортын хэмжээ өсөх төлөвтэй байгааг Sxcoal-ийн шинжээчид дурдсан байна.

4 дүгээр сарын байдлаар Монгол Улс нь БНХАУ-ын хувьд коксжих нүүрсний хоёр дахь том нийлүүлэгч нь болсон. Сарын дүнгээр 1.31 сая тн нүүрс нийлүүлсэн нь өмнөх сараас 35% өсжээ. 1 тн коксжих нүүрсний үнэ 1900-2000 юань ($285-$300) орчимд хэлбэлзэж байгаа бөгөөд үнэ өмнөх сараас бага зэрэг буурсан ч тогтвортой өндөр түвшинд хадгалагдаж байгаа юм.

Эхний 4 сард нүүрсний экспортын орлого 40% өсөв

Хэдийгээр хилийн хязгаарлалтаас үүдэж нүүрс тээврийн машины нэвтрэх тоо ковидын өмнөх үеэс буураад байгаа ч үнийн өсөлтөөс шалтгаалж нүүрснээс олсон орлого оны эхний 4 сард өмнөх оны мөн үеэс 40% өсөөд байгаа юм. Үүнээс үүдэж гадаад худалдааны тэнцэл 4 дүгээр сард 450 сая ам.долларын ашигтай гарчээ. Нүүрсний үнэ өндөр түвшинд байгаа нь төлбөрийн тэнцэл болон төгрөгийн ханшид эергээр нөлөөлж байна.