images

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ БОЛОН БНХАУ-ЫН ШИНЖААН УЙГАРЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРОНТОЙ ХИЛЛЭДЭГ ХЭСЭГТ “ЦЭЭЛ” АГААРЫН ШИНЭ ХААЛГА НЭЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2022-05-02

118

Манай улс агаарын нийт 96 зам, 16 хаалгатай. Тодруулбал, ОХУ-тай 10, БНХАУ-тай агаарын зургаан хаалгатай.

Үүн дээр дахин нэг агаарын хаалга шинээр нээхээр төлөвлөж, бэлтгэл ажил хангагдаад байна.

Монгол Улсын Говь-Алтай аймаг болон БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Оронтой хиллэдэг хэсэгт “Цээл” хэмээх агаарын шинэ хаалга нээхээр төлөвлөж байгаа юм.

Энэ ажлын хүрээнд дөрөвдүгээр сарын 29-нд Иргэний Нисэхийн Ерөнхий Газар /ИНЕГ/-ын холбогдох албан тушаалтнууд БНХАУ-ын Монгол Улс дахь Элчин сайдын яамны төлөөлөлтэй уулзжээ.

Энэ үеэр ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлуудын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Одгэрэл шинэ агаарын хаалга нээснээр нислэгийн болон зорчигч урсгалын тоо, агаарын зайн багтаамж нэмэгдэхээс гадна нислэгийн цаг багасаж, түлш зарцуулалт буурах зэргээр эдийн засгийн өндөр үр өгөөжтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Мөн “Монгол Улс шинээр агаарын хаалга нээхтэй холбоотойгоор хууль эрх зүйн зохицуулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, навигацийн тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдал, агаарын замын тооцоолол, хүний нөөц, хөрөнгө оруулалт гээд шаардлагатай ажлуудыг хийж дууссан. Хэд хэдэн агаарын замыг шинээр тогтоох боломжтой болно гэж тооцоолжээ. Өөрөөр хэлбэл агаарын шинэ хаалга нээгдэх бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна. Тиймээс хоёр улсын хооронд “Цээл” агаарын хаалгыг шинээр тогтоож, үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсье” гэлээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх бөгөөд Элчин сайдын яамны дэд тэргүүн Жан Мүшин “Агаарын шинэ хаалга нээх энэ ажлыг манай Элчин сайдын яам чухал ач холбогдолтой гэж харж байна. Энэ талаар бид холбогдох хүмүүст уламжлан танилцуулах болно. БНХАУ Монгол Улстай бүх салбарын хамтын ажиллагаагаа чухалчилж үзэж байгаа. Тэр дундаа Иргэний агаарын тээврийн салбарын уламжлалт найрсаг харилцаагаа бид цаашид ч хадгалж үлдэхийг хүсэж байна. Өнөөгийн тулгамдаад байгаа түр зуурын хүнд нөхцөл байдлыг хамт даван туулах болно” гээд уулзалт танилцуулга хийсэнд талархал илэрхийллээ.

Уулзалтад ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлуудын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Одгэрэл, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр, Төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга Д.Одгэрэл болон БНХАУ-ын Монгол Улс дахь Элчин сайдын яамны Элчин зөвлөх бөгөөд Элчин сайдын яамны дэд тэргүүн Жан Мүшин, Хуурай замын цэргийн Атташе Ма Чи, Цагдаагийн атташе С.Заяа нар оролцов.

Мэдээллийн эх сурвалж: https://ikon.mn/n/2ji1