МОНГОЛ, ХЯТАДЫН ВОЛЕЙБОЛЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭРЭЭН ХОТНОО БОЛЛОО
2026 оны 5 дугаар сарын 31-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотноо Волейболын олон улсын хэмжээний мастер Т.Оюундэлгэр, М.Ганцэцэг нарын нэрэмжит монгол, хятадын тамирчдын волейболын нөхөрсөг тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнийг Монгол Улсад 1988, 1990 онд төгссөн төгсөгчдийн үүсгэн байгуулсан ”Шинэ Монгол 88/90” групп зохион байгуулсан бөгөөд Улаанбаатар хот болон 21 аймгаас хүрэлцэн ирсэн 80 гаруй тамирчид хүрэлцэн ирж оролцсоноороо онцлог болов. Тэмцээнд нийт монгол, хятадын эрэгтэй 5 баг, эмэгтэй 8 баг оролцож авхаалж самбаагаа сорив.
Тэмцээний нээлтэд Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрын Консулын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Эрдэнэсамбуу оролцож мэндчилгээ дэвшүүлж, арга хэмжээний ач холбогдол, хоёр орны иргэд хоорондын нөхөрлөл, харилцаа хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэж, тамирчдад амжилт хүсэв. Мөн Консулын газраас цаашид иргэдийн санаачилгыг дэмжихэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн “Шинэ Монгол 88/90 групп”-ийн ахлагч А.Отгончулуун Монгол, Хятадын хамтын ажиллагаа нь спортын салбарт өргөжин хөгжиж буйг онцолж, цаашид олон төрлийн хамтарсан спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Д.Амаржаргал оролцож тамирчдад ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.






