images

Монгол адууны Орос-Монгол-Хятад гурван улсын уралдаан Эрээн хотод болов.

Мэдээ мэдээлэл

2023-08-06

186

Эрээн хотын АЗГ-аас зохион байгуулсан Монгол адууны Орос-Монгол-Хятад гурван улсын уралдааны нээлтэнд Эрээн хотод суугаа Консулын газрын төлөөлөл уригдан оролцлоо.

Уг баяр наадмын нээлтэнд Эрээн хотын намын байгууллага, Засгийн ордны тэргүүлэгчид болон Шилийн гол аймгийн Сөнөд зүүн, баруун хошуу, Шулуун цагаан, Хөвөөт шар, Эзнээ хошуунаас хүндэт зочид, төлөөлөгчид урилгаар оролцож, 5000 гаруй наадамчид хүрэлцэн ирсэн байлаа.

Эрээн хотын дэд дарга Алтаннавч, Жан Инже болон Эрээн хотын намын дарга Ван Саншы нар үг хэлж баяр наадмыг нээсэн бөгөөд хурдан морь, хүчит бөхчүүд, мэргэн харваачид болон урлаг соёлынхон, малчид хөдөлмөрчдийн төлөөлөл жагсаалаар орж наадамчин олонтой мэндчилж, морьтны гайхамшгийг харуулсан үзүүлэх тоглолтууд наадамчдын анхаарлыг ихэд татав.

            Түүнчлэн Эрээн хотын Улаан мөчир чуулгын уран бүтээлчид болон Монгол, Орос улсаас уригдсан ирсэн уран бүтээлчид ая дуугаа өргөж, үндэсний онцлог, бахархлаа харуулсан бүжиг, хөгжмийн үзүүлбэрүүд үзүүлж уг наадмыг улам утга төгөлдөр, сүр жавхаатай болгож байлаа.

            Ийнхүү нээлтээ хийсэн уг наадам, морин уралдааныг “Монгол морин уралдаанаар дамжуулж улс хоорондын харилцааг улам өргөжүүлж, аялал жуулчлалыг дэмжих” зорилго, ач холбогдолтой хэмээн тодорхойлж бэлтгэл ажилд 2 сая гаруй юанийн хөрөнгө зарцуулж, түрүүлсэн бөх, морь уяач, харваачдад өндөр бай шагнал олгохоор шийдвэрлсэн бөгөөд Монгол улсаас даян аварга Н.Батсуурь тэргүүтэй бөхчүүд зодоглохоор хүрэлцэн ирлээ.

Наадмын өдрүүдэд морь уралдаж, бөх барилдахаас гадна боксын тэмцээн, байт харваа, тэмээний уралдаан, морин спортын үзүүлбэрт тоглолтууд зэрэг арга хэмжээ 3 өдрийн турш болох ажээ.