images

"УБТЗ" ХНН: ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН ӨРТӨӨГӨӨР ӨДӨРТ 15 ГАЛТ ТЭРЭГ СОЛИЛЦОЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2023-04-10

216

УБТЗ болон Хөх хотын төмөр замын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга нарын уулзалт энэ сарын 7-нд Замын-Үүд өртөөнд боллоо. Уулзалтаар хилийн өртөөнүүдийн тээвэр зохион байгуулалт, галт тэрэг солилцоо бусад тулгамдаж буй асуудалтай газар дээр нь биечлэн танилцаж, түүнийг хамтран шийдвэрлэхээр санал солилцжээ.

Өнгөрсөн онд зохион байгуулсан хөрш төмөр замуудын хилийн зөвлөгөөнөөр Замын-Үүд-Эрээн өртөөний өргөн царигаар хоногт 15, нарийн царигаар 8 галт тэрэг солилцож байхаар тохиролцсон байна. Үүнийг тогтмолжуулах, шаардлагатай тохиолдолд хилийн өртөөнүүдийн дарга нар харилцан тохиролцож, 16 хүртэлх галт тэрэг солилцох боломжтой гэдэгт талууд санал нэгдэв.

Мөн Замын-Үүдийн нарийн царигийн өртөөг цахилгаанжуулахад Хөх хотын төмөр замын зүгээс холбогдох зураг төслийн байгууллагатай холбож өгөхөө илэрхийлжээ.

Энэхүү уулзалтын дараа УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан Эрээн өртөөний хэтийн төлөвлөлт, хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаа, зарим ачиж буулгах талбайн ажилтай танилцлаа. 2022 онд БНХАУ тал Эрээн-Жининь хоорондын замд 12 зөрлөг шинээр барьж, ашиглалтад оруулсан бөгөөд тухайн хэсгийн тээх, нэвтрүүлэх хүчин чадал төлөвлөсөн хэмжээнд хүрсэн гэдгийг хэлж байв.

Энэ хүрээнд Жининь хойд өртөөнөөс Замын-Үүд хүртэл жижиг илгээлтийн тээврийг зохион байгуулах талаар Хөх хотын төмөр замаас санал тавьсан байна. Уулзалтын төгсгөлд талууд УБТЗ болон Хөх хотын төмөр замын дарга нарын уулзалтыг ирэх сард багтаан хийхээр товлосон бөгөөд тодорхой хугацааг Гадаад харилцааны албаны шугамаар тохиролцох юм байна.

Ташрамд дурдахад, УБТЗ Замын-Үүд-Эрээн хилийн гарцаар дөрөвдүгээр сарын нэгнээс хойш 15-аар зургаа, 14-өөр нэг, 16-аар нэг галт тэрэг хүлээлгэн өгсөн хэмээн "УБТЗ" ХНН-ээс мэдээллээ.

Мэдээллийн эх сурвалж: https://ikon.mn/n/2u0n