images

ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ ЭНЭ САРД НЭЭНЭ

Мэдээ мэдээлэл

2022-11-16

204

-Монголчууд найман сарын дотор 226.9 км төмөр зам тавилаа-

Ханги боомтыг БНХАУ-ын Мандал боомттой төмөр замаар холбох ажлыг эхлүүлэх зорилтын хүрээнд Засгийн газраас энэ онд 104 дүгээр тогтоол баталж, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг гуравдугаар сард эхлүүлсэн билээ. Тэгвэл нийт 226.9 км урт уг төмөр замын бүтээн байгуулалт үндсэндээ шувтарч энэ сарын сүүлээр ашиглалтад оруулахаар болжээ. Энэ нь монголчууд өөрсдөө бие даан бүтээн байгуулсан хоёр дахь төмөр зам гэдгээрээ онцлог. Өмнө нь Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр замыг барьж байгуулан энэ оны есдүгээр сард ашиглалтад оруулсан юм.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа-2050”, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл", Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Боомтын сэргэлтийн хүрээнд ийнхүү хоёр дахь төмөр замыг ашиглалтад оруулж байгаа нь энэ юм. Зүүнбаян-Ханги чиглэлийн энэхүү төмөр замын газар шорооны ажил бүрэн дуусч, дэд бүтцийн угсралтын ажил дуусах шатандаа орсноор төмөр замын тээвэр эхлүүлэх боломжтой болж байгаа аж.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам 1520 мм царигтай, 25 тонн голын даацтай, буталмал чулуун чигжээстэй, төмөр бетон дэртэй, III зэрэглэлийн дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын системтэй зам гэдгийг албаныхан хэлж байгаа.

Мөн энэ ажлын хүрээнд шинэ төмөр замын хил дээрх Ханги өртөөнөөс хил хүртэл 13 км газарт 1520 мм болон 1435 мм царигтай төмөр замууд зэрэгцэн тавигдах хэмжээний өргөнтөй далан, гүүр хоолойг хийж дуусгаад 1520 мм царигтай төмөр замын дэр, зам төмөр угсрах ажлыг хилийн 0 цэгээс хийж эхэлжээ.

Ингэснээр Монгол Улсад анх удаагаа гурван чиглэлийн төмөр замын уулзварыг бий болгож байгаа бөгөөд энэ нь одоо ашиглагдаж байгаа. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгээс болон Тавантолгой бүлэг орд газраас уул уурхайн болон бусад ачаа барааг саадгүй шаардлагатай чиглэлд тээвэрлэх, ачаа тээврийн зөв зохион байгуулалт хийх зориулалттай аж. Энэхүү төмөр замын бүтээн байгуулалтыг Ерөнхий сайд гуравдугаар сард өөрийн биеэр очин эхлүүлж байсан бөгөөд Засгийн газраас ихээхэн ач холбогдол өгч байгаагийн илрэл гэдгийг ч тухайн үед мэргэжилтнүүд онцолж байсан.

Тэгвэл монголчууд маань өөрсдөө жил хүрэхгүй хугацаанд буюу ердөө наймхан сарын дотор хоёр зуу гаруй км төмөр зам тавьж чадлаа. Нэг хэсэг монгол залуус, инженерүүдээ юм хийж чадахгүй, хийсэн зүйл нь чанаргүй гэх мэт шүүмжлэлүүд олон нийтийн дунд явж байсан нь нууц биш. Харин монголчууд бүтээн байгуулалтаа хэнээс ч гуйхгүй өөрсдөө хийж чадна гэдгийн нотолгоо нь дээрх хоёр төмөр зам болж байна.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар 25 хүртэл сая тонн ачааг тээх, нэвтрүүлэх хүчин чадалтай, нэг галт тэрэгний жин 10 мянган тонн байх гэнэ. Энэ нь одоо манай улсад явж байгаа галт тэрэгнүүдээс даруй хоёр дахин хүнд жинтэй аж.

Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын 2016 оны дөрөвдүгээр сард болсон гурав дахь удаагийн уулзалтаар талууд “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ын “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридорын төмөр замын Төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийн ажлыг эхлүүлэх тухай” хамтарсан мэдэгдэлд тусгагдсан арга хэмжээ бодитой хэрэгжих үндсэн нэг нөхцөл бүрдэх аж.

Улмаар эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн шийдвэр хурдан хэрэгжих нэг гол нөхцөл бүрдэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Транзит Монгол” санаачилга хэрэгжих, Экспортын ачаа эрс буюу 30 хувиар өсөх, Төвийн болон Өмнийн говийн уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээ нэмэгдэх, Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ачаа тээврийн найдвартай шинэ шугам бий болгож Монгол Улс урд талдаа хоёр дахь шинэ төмөр замын гарцтай болох давуу талууд бий болно. Мөн дотоодын аж ахуйн нэгжүүдийг ажлын байр, бүтээн байгуулалтын ажлаар хангах, Монголын экспортын түүхий эд, бараа бүтээгдэхүүний олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэж улмаар эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулах ач холбогдолтой билээ.

Мэдээллийн эх сурвалж: https://news.zindaa.mn/4eos